КАРБОН КРЕДИТ ХЭРХЭН БИЙ БОЛДОГ ВЭ?

КАРБОН КРЕДИТ ХЭРХЭН БИЙ БОЛДОГ ВЭ?

Нэгдсэн Үндэсний Байгууллага (НҮБ) болон Apple зэрэг томоохон компаниуд “Net-Zero”-д хүрэх зорилтынхоо хүрээнд карбон кредит ашиглаж хүлэмжийн хийн ялгарлаа бууруулахаар болсон. Үүнийг уншиж буй та карбон кредит гэж чухам юуг хэлээд байгаа юм бол гэж бодож байвал та ганцаараа эргэлзээгүй нь лавтай.

Net-Zero-д хүрэх гэдэг нь...

Агаар мандалд ялгаруулж буй хүлэмжийн хийн хэмжээ болон бууруулж шингээсэн хэмжээ хоорондын тэнцвэрт байдалд хүрэхийг хэлнэ. Net Zero-д хүлэмжийн хийн ялгарлаа багасгах эсвэл ойжуулалт, сэргээгдэх эрчим хүчний төсөл, нүүрстөрөгчийг хуримтлуулах, хадгалах технологи гэх мэт төслүүдэд хөрөнгө оруулалт хийх замаар хүрч болно. Үндсэндээ Net Zero гэдэг нь нүүрстөрөгчийн ялгаруулалтыг ижил хэмжээний нүүрстөрөгчийг зайлуулах хүчин чармайлтаар үр дүнтэй саармагжуулдаг гэсэн үг юм.

Нүүрстөрөгчийн сайн дурын зах зээл

Сайн дурын үндсэн дээр карбон кредит гарган худалдах, худалдан авч арилжих зах зээлийг нүүрстөрөгчийн сайн дурын заах зээл гэнэ.
Тухайлбал дэлхийн хамгийн том сайн дурын карбон кредит арилжаалдаг Xpansiv компани нь АНУ-д анх үүсгэн байгуулагдан одоогоор нийт арилжааны 90 гаруй хувийг эзэлдэг. Сайн дурын бус, үндэсний хэмжээнд зохицуулагддаг карбон кредитийн хамгийн том зах зээл нь БНХАУ-д байдаг.

Өдөр ирэх тусам хурцдаж буй уур амьсгалын өөрчлөлт, үүнээс улбаалан үүсэж буй үер, гал түймэр зэрэг байгалийн гамшигт үзэгдлүүдийг тойрсон мэдээ, мэдээллүүд нь дэлхий дахинд энэ бол хий хоосон сандрал биш гэдгийг сануулсаар байна. Иймдээ ч дэлхийн дундаж дулаарлыг 1.5 хэмд барих нь цор ганц засгийн газрын үүрэг бус хувийн компаниуд болон олон нийтийн үүрэг хариуцлага болсон. Үүнээс үүдэн нүүрстөрөгчийн сайн дурын зах зээл бий болсон. Хэрэв бид яг одоогийн хандлагаа өөрчилж чадахгүй бол 2030 он гэхэд дэлхийн цаг агаар 2.7 хэмээр дулаарсан байх аюул ойрхон байна.

Карбон кредит хэрхэн бий болдог вэ?

Алхам 1. Төслийн баримт бичиг

Төсөл хэрэгжүүлэгч нь хэрэгжүүлэх гэж буй төслийн төрөлд тохирсон арга зүйг сонгож баримт бичгийг бүрдүүлэх бөгөөд үүнд: төслийн зорилго, төсөл хэрэгжихээс өмнөх хүлэмжийн хийн ялгарлын тооцоолол, нэмэгдлийн (additionality) үнэлгээ, төслийн оролцогч талууд болон бусад шаардлагуудыг тодорхойлох зэрэг багтана. Gold Standard, American Carbon Registry , Verra’s VCS Program нь төсөл хэрэгжүүлэгчдийн хамгийн түгээмэл ашигладаг арга зүйн стандарт юм..

Additionality-Нэмэгдэл чанар

Carbon credit-ийн байгаль орчинд ээлтэй төслөөс үүдсэн гэдгийг илтгэх шинж чанарыг нэмэгдэл чанар гэнэ. Жишээ нь ойд төсөл хэрэгжээгүй үед ч өөрөөрөө нүүрстөрөгчийн хийг багасгаж шингээдэг байгалын онцлоготой. Тиймээс төсөл хэрэгжүүлэгч нь ойн хэвийн үеийн шингээлтээс давахуйц нүүрстөрөгчийн хийг бууруулснаар сая нэмэгдэл чанартай карбон кредит үүсгэж чадна.

Carbon Offset гэдэг нь

Сайн дурын үндсэн дээр карбон кредит гарган худалдах, худалдан авч арилжих зах зээлийг нүүрстөрөгчийн сайн дурын заах зээл гэнэ.
Тухайлбал дэлхийн хамгийн том сайн дурын карбон кредит арилжаалдаг Xpansiv компани нь АНУ-д анх үүсгэн байгуулагдан одоогоор нийт арилжааны 90 гаруй хувийг эзэлдэг. Сайн дурын бус, үндэсний хэмжээнд зохицуулагддаг карбон кредитийн хамгийн том зах зээл нь БНХАУ-д байдаг.

Алхам 2. Бүртгэл нээх

Төслийн баримт бичгийг боловсруулсны дараа төсөл хэрэгжүүлэгч нь өөрийн сонгосон бүртгэлийн системд (Verra стандарт дээр үндэслэж төслөө боловсруулж байвал Verra стандартын бүртгэлийн системд) бүртгэлээ нээж, шаардлагатай материалуудыг оруулах бөгөөд хүсэлт ирсэн тохиолдолд тодорхойгүй мэдээллүүдээ тайлбарлах шаардлага гарна. Бүртгүүлж буй бүртгэлийн системээс хамаарч магадлагаа нотолгоо гаргагч байгууллагын шаардаж буй баримт бичгүүд өөр байж болдог. Жишээ нь, Gold Standard-д бүртгүүлэхийн тулд уг төсөл нь магадалгаа нотолгоо гаргагч байгууллагатай (validation and verification body) холбогдохоос өмнө урьдчилсан байдлаар төсөл хэрэгжих боломжтой гэдгийг илэрхийлсэн зөвшөөрөл авах шаардлагатай байдаг.

Алхам 3. Магадалгаа

Бүртгэлийн үйл явцад магадлан итгэмжлэгдсэн аудитын байгууллага нь бүртгэл хийлгэх гэж буй стандартын дагуу төслийн баримт бичиг болон холбоотой бусад мэдээлэлтэй танилцаж, төсөл хэрэгжиж буй газарт очиж үйл ажиллагааг шалган магадалдаг. Энэхүү үйл ажиллагаа нь өндөр зардалтай бөгөөд жижиг хэмжээний төсөл хэрэгжүүлэгчдэд төслөө бүртгүүлэхэд хүндрэл учруулдаг үе шат юм.
Бүртгэлийн системүүдийн магадалгаа нотолгоо гаргагч байгууллагын мэдээллийг доорх холбоосоор үзнэ үү.

- Gold Standard Validation and Verification Bodies

-American Carbon Registry’s Accredited Verification Bodies

- Verra’s Validation/Verification Bodies.

Алхам 4. Бүртгэл

Магадалгаа  хийгдсэний дараа төсөл системд албан ёсоор бүртгэгдэнэ. Зарим тохиолдолд магадалгаа хийгдсэн ч гэсэн стандарт арга зүйг түгээж буй байгууллага нь нэмэлтээр шалгах, тусгайлан төслийн баримт бичигтэй дахин танилцах тохиолдол гарах үе ч бий. Жишээ нь, Gold Standard-д бүртгүүлэхийг зорьж буй төсөл, магадалгааны үе шатны дараа SustainCERT гэх өөр магадалгаа нотолгоо гаргагч байгууллагаар бүртгэл хийгдэх боломжтой эсэхийг дахин хянуулдаг.

Алхам 5. Нотолгоо

Дараа нь бүртгүүлэхээр зорьж буй стандартынхаа албан ёсны магадлан нотолгоо гаргагч байгууллагаар нотолгоо хийлгэх шаардлагатай. Нотолгооны үйл явцад төсөл нь стандарт арга зүйг баримталж байгаа эсэхийг шалгах бөгөөд төсөл хэрэгжиж буй газарт дахин үнэлгээ хийгддэг. Энэ нь карбон кредит үүсэхийн өмнөх үе шат юм. Verra болон Gold Standard-ийн бүртгэлийн системд бүртгүүлэхийг зорьж буй төслийн хувьд нотолгооны үе шат руу шилжиж болох хариуг авсны дараа процесс нь нээгддэг.

Алхам 6. Карбон кредитийн үйлдвэрлэл

Магадлан нотолгоо гаргагч байгууллагын тайлан дээр үндэслэн карбон кредит бий болох бөгөөд стандартаас шалтгаалж карбон кредит-д доорх байдлаар тэмдэглэгээ хийгддэг.



- Gold Standard, Verified Emission Reduction, GS-VER
- Verra, Verified Carbon Units, VCU
- American Carbon Registry, Verified Emission Reduction, ACR-VER



Төслийн бүртгэлийн системд үүссэн карбон кредит нь эцсийн худалдан авагч өөрсдийн нэр дээр уг карбон кредитийг нүүрстөрөгчийн хий бууруулах зорилтдоо оруулж ашиглах хүртэл арилжаалагдах бүрэн боломжтой.

Дүгнэлт

Уг нийтлэлээр карбон кредит үүсэх үйл явц, дэс дарааллыг товч бөгөөд энгийнээр тайлбарлалаа. Жижиг хэмжээний төсөл хэрэгжүүлэхээр зорьж буй тохиолдолд энэхүү процесс нь санхүүгийн хувьд үнэтэй, цаг хугацаа шаардсан үйл ажиллагаа болохыг харж болно. Хэрэв эдгээр шаардлагууд илүү хялбар болж чадвал сайн дурын нүүрстөрөгчийн зах зээл илүү хүртээмжтэй болох бөгөөд улмаар жижиг хэмжээний төслүүдэд боломжууд нээгдэх юм. Үүний үр дүнд уг зах зээлээс бий болох санхүүжилт нь хөгжиж буй жижиг төслүүдийг дэмжээд зогсохгүй, цаашид олон төсөл хэрэгжүүлэгчийг зах зээлд нэвтрэх боломжийг бий болгох юм.